Sunday, August 14, 2011

НОМНУУД













ХАЙР ДУРЛАЛЫН ТУХАЙ ШҮЛГҮҮД

САНАХЫН ЖАРГАЛ

Чамайгаа би санахын ихээр саналаа

Чадал суусан гарт чинь тэврүүлэхсэн гэж

Ухааны чинь тэнгэрт од болон гийхсэн гэж,

Уяхан зүрхэнд чинь онгод болон буухсан гэж,

Чамайгаа санахын ихээр саналаа.

Нүднээс чинь хүний хайрыг ухаарах гэж

Гараас чинь галын илчийг мэдрэх гэж,

Ухаанаас чинь уяралын үг сонсох гэж

Уруулаас чинь уянгын бал шимэх гэж

Чамайгаа би санахын ихээр саналаа.

Хүүгийн эцэгт бичсэн захидал

Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан

Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан

Хүүгийн аав, эрхэм хүн таныг

Хүндэтгэн дурсаж энэхэн захидпыг бичиж байна.

Өнөөдөр хүү чинь арван найм хүрч

Өөртэй чинь адилхан, ханхар эр болжээ.

Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож

Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв.

Яг л энэ өдөр чамайг би дурсаж

Янаг сэтгэлийн хайраар цалгиж явснаа санаж

Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж

Захидал бичиж суунаа хүүгийн аав чамдаа!

Хоёр даалимбан дээлнээс өөр, сольж өмсөх хувцасгүй

Хоногтоо л ганцхан олддог "лавшаанаас" өөр хоолгүй

Хотын нэг дүүрэгт ядуухан оюутны амьдрал

Хомсхон байсан цагт, чи намайг орхиж

Гэрээр дүүрэн хивстэй баян айлын охиныг

Гэргий болгон аваад алс нүүж билээ

Гэм зэмгүй мөртлөө гуниг зовлон амсаж

Гэнэтхэн бид хоёр хаягдан үлдэж билээ

"Опель" дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч

Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи!

Одоо түүүнээс хойш сар жил өнгөрөн

Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ.

Энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ

Энхрий бяцхан хүүгийнхээ турьхан биеийг тэврээгүй ээ

Элэг нь эмтэрсэн үрийнхээ уйлан гунихыг үзээгүй ээ

Эцгээ гэж дуудах шингэн дуугий нь сонсоогүй ээ

Анх чамайг явахад гуравхан настай байсан ч

Ааваа гэж үгүйлсээр арван хэдэн жил болов.

Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч

Арван таван намартай аанай бас золгов.

Хүнийх болон одож, сэтгэл буруулсан чамд

Хүү чинь саналаа гэж хэлж би зүрхлээгүй ээ

Хүүхнүүд шиг бас мөнгө горилон заалдаж

"Хөөрхий" чамайг зовоож, нэхэл дагал болоогүй ээ

Сайхан амраг хувирдгийг зүрхээрээ тэгэхэд амсаж

Сартай шөнөдөө нойргүй уйлан суудаг байлаа

Салаа замын уртад цөхрөн хүлээж суугаад

Санаа бодол үймрэн дэн дун явдаг байлаа.

Үүрийн цолмон шиг гоо сайхан бүсгүйтэй ханилсан гэж

Үеийн хүүхнүүд ярихад, атаархан хорсож байгаагүй ээ

Үйлээ дагасан сэтгэлдээ зовлон гуниг тээж

Үрээ гэсэн хайраар хүүгээ л гэж явлаа.

Хэдэн хүүхнээс салсан гэж олны яриа сонсоод

Хэлтгий гишгэсэн чамайг өрөвдөн санадаг байлаа

Хээнцэр ганган юманд нүд хууртсаныг чинь бодоод

Хэвтэртээ хүртэл би гомдон уйлдаг байлаа.

Хүний сайхан аавууд үрээ хөтлөн явахад

Миний бяцхан хүү ганцаараа тойрон гүйж

Сайн хүн болно гэж ээждээ эрхлэн хэлээд

Сургуулийнхаа зүг, уруу царайтай алхдаг байлаа.

Бид хоёрын амьдралыг хэзээ ч чи мэдээгүй болохоор

Бие сэтгэлээ барьж өдий хүрсэн ч гэсэн

Орчлонд эр хүн болсон хүүгээрээ бахархаж

Одоо би чамд сүүлчийн зурвас бичиж байна


ЭНХ ТАЙВНЫ ТУХАЙ ШҮЛГҮҮД

БУУДАЖ БОЛОХГҮЙ АМЬ НАС

Бүсгүй-

Далайн шуурга

Газрын шуугиан

Салхины исгэрэлтийг

Биедээ агуулсан галбирбаасан мод

Гандбадраа цэцэг

Бүсгүй-

Нарны гэрэл навчны шим, найргийн онгод

Өөртөө агуулсан хүн ертөнц хүслийн тэнгэр

Бүсгүй-

Өргөө гэрийн гал бадраасан сайхан эзэгтэй,

Өр зүрхэнд хайр цалгиасан саран дагина,

Бүсгүй-

Наранд хүртэл хүүгээ өргөх сэтгэлийн тэнхэл

Насаараа дээдлэн ханиа жаргаах итгэлийн сүлд

Бүсгүй-

Үүлэн сүүдрээс

Үрээ халхлах өрлөг эх

Үхлийн дайныг цээжээрээ хаах үхэхгүй амь

Бүсгүй-

Хүйгээрээ холбоотой хүн эрдэнийг

Алган дээрээ өргөж сүүгээрээ амлуулсан

Алтан дэлхийн буугүй цэрэг

Амгалан хорвоод буудаж болохгүй амь нас!

ЕРТӨНЦИЙН ШӨНӨ

Ертөнцийн шөнө гэдэг

Юутай сонин

Шүүдэр бууж, одод анивчина

Шүлэг бичиж, орчлонг умартана.

Аугаа бөмбөрцгийн хаа нэгтээ

Аянга бууж, аадар цахилна.

Холын айлуудын гэрэл анивалзан

Хорол тооноор нь сар мэлтийнэ.

Жаргалтай бүсгүйн инээд

Хэн нэгний зүрхэнд уусан алдарна

Жаварт тэнгэрийн үүлс

Хэцийн тэртээх сараар наадна.

Хорвоод мэндэлсэн бяцхан хүү

Холын оддыг цочтол орилно.

Аль нэгтээ шивнэлдэх залуу хос

Аадраас зугадан дээвэр дор хоргоно.

Атаархуу төрсөн хар санаатан

Адтай бодлоо хурцлан нойроо умартана.

Авгайгаа хардсан эр хороор буцлан

Аяга, тавгаа бутартал шиднэ.

Шөнийн дээрэмчин хаа нэгтээ

Шүлсээ залгин олз хайна

"Дууч эмийн" торгон хөнжил дор

Дурлалгүй хоёр мөнгөний туйл дээр учрана.

Өлсгөлөнд багалзуурдуулсан бяцхан хүү

Өглөөг хүлээж чадалгүй амь тавина.

Цатгалан баячууд мөнгө, хүүхэн хоёр дээр

Цадигаа алдан тонгочин шөнийг барна.


ЭХ ОРНЫ ТУХАЙ ШҮЛГҮҮД

ГАЗАР ШОРООНДОО БИ ХАЙРТАЙ

Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж

Хүйтэн булгийн уснаас нь шүдээ таштал залгилж

Талын тогоруу нуурын ангир үргээж .

Таанын толгой цэцгийн дэлбээ түүж явсан болохоороо

Газар шороондоо би хайртай.

Толгодын энгэрээр хургаа хариулж явахдаа

Тоодон дээлэндээ чулуу хормойлж гэр барин

Хөрст газры нь хотойтол хөл нүцгэн гүйж

Хөнгөн залуу насаа талд үдсэн болохоороо

Газар шороондоо би хайртай.

Ээжий минь амгалан үедээ өрхий нь татаж

Энгэр бэл дээр цэмцийн харагддаг байсан

Төрсөн гэрий минь буурь мөөгөн хүрээ татаж

Төө зайгүй амьдралын илч шингээж байдагт нь

Газар шороондоо би хайртай.

Аймгийн сургуульд ирчихээд гэрээ санан ганихарч

Ар бэлийн хөтлөөр хүний бараа ширтэн

Асгарах нулимстай нүдэнд, зурайн харагдан байсан

Алтан шаргал замыг одоо болтол санадагаа

Газар шороондоо би хайртай.

Уулын толгодын дээгүүр үүлс суунаглан нүүж

Унасан морины туурай газар хонхойтол цавчилж

Учрахын сайхан ерөөлөөр хос зүрхэн цохилж

Уудам хээрийн бэлчээрт хайр амталсан болохоороо

Газар шороондоо би хайртай.

Харийн дайсан халдахад гал голомтоо өмгөөлж

Халхын сайхан эрчүүл буу мөрлөж мордохдоо

Хатан туулын усыг рашаан гэж амтлан

Хайрга чулуун шороогий нь алчууртаа боож явсанд нь

Газар шороондоо би хайртай.

Арван төө биеийнхээ алжаан ядрахыг мэдэлгүй

Арвин талын уудамд, цуурай хадтал дуулж

Аагтай залуу насныхаа ид бахыг үзэх гэж

Атрын онгон хөрсөнд үр суулгалцсан болохоороо

Газар шороондоо би хайртай

Зуур хоносон сарны тэргэл туяаг орлох

Зуун түмэн зул эх газартаа асааж

Тэнхээт биеийнхээ хөлсийг дусал дуслаар шингээх гэж

Тэнгэрлэг сайхан орныхоо эзэн болж төрсөндөө

Газар шороондоо би хайртай.

1966

ЭХ ОРНОО ДУУЛАХ ГЭЖ...

Онгон буурал тэргүүндээ мөнгөн дуулга духдуулж

Олон үеийн хүн мөрөө гаргалгүй ирсэн

Отгон тэнгэр уулсаа цаст Гималай шиг бодож

Оройд нь гарсан залуусаа уулын бүргэд гэж нэрлэсэн

Дэлхийд ганцхан олдох нутгийнхаа баян хангайг

Дэндүү хайрын сэтгэлээр магтан дуулж явах гэж

Морин хуур лимбийн эгшигтэй

Монгол газар төрсөн юм би.

Онцын сайхан голууд орчлон дэлхийд байдаг ч

Орхон хэмээх гол ердөө л ганцхан билээ

Олон бээрийн тэртээгээс нүргэн сонсдох хүрхрээ нь

Охьюу номин өнгөөр солонгорон буудаг билээ

Өөрийн гэсэн эгшигтэй мөрөн голын усныхаа

Өвөрмөц нэгэн уянгыг аялан дуулж явах гэж

Морин хуур лимбийн эгшигтэй

Монгол газар төрсөн юм би.

Хорвоод ганцхан байдаг галба, шаргын говийг

Хонгор шаргал элс, бэдэрлэх уран хээтэй нь

Ховорхон тохиох амьтадын дэлгэр баян үзмэр

Хоногийн газраас тоостой, хулан бөхөнгийн сүрэгтэй нь

Бэлчээр усаар тэнцүүхэн тэнэгэр уудам нутгаа

Билгийн нүдээр харж бишрэн дээдэлж явах гэж

Морин хуур лимбийн эгшигтэй Монгол газар төрсөн юм би.

Уул хангайн бэлээр урт цуваа хөврүүлэн

Ус нутгийнхаа сайхныг шилэн сонгож сурсан

Айл саахалтынхан нүүж аянчин гийчин өнгөрөхөд

Амтат идээнийхээ дээжийг өргөн барьж зочилдог

Ард зоныхоо заншлыг чин зүрхнээс хүндлэн

Аугаа соёлт түмнийхээ алдрыг мөнхлөн дуулах гэж

Морин хуур лимбийн эгшигтэй

Монгол газар төрсөн юм би.

Зуны аагим халуунд залхуурч нозоорч суугаагүй

Зудтай хүйтэн өвөл малгай бүчилж сураагүй

Зуун зууныг элээхдээ монгол зангаа орхиогүй

Зуурдын элдэв тохиолд мохон сөхөрч үзээгүй

Гүйцээн бодох ухаанаар цэцэн мэргэн удамтай

Гүндүүгүй даруухан ардынхаа хүнлэг сайхныг дуулах гэж

Морин хуур лимбийн эгшигтэй

Монгол газар төрсөн юм би.

Улс гүрэнд ховорхон эрийн гурван наадамтай

Уянга эгшиг хосолсон уртын сайхан дуутай

Уул ус нь тэгшхэн, эрдэнэсийн баян ордтой

Улс зон нь цагаахан эвийн халуун сэтгэлтэй

Цэлгэрхэн тал налайж цэцгийн хүрээлэн алагласан

Цэнхэр тэнгэрийн орноо магтан дуулж явах гэж

Морин хуур лимбийн эгшигтэй

Монгол газар төрсөн юм би.

Өнө эртний түүхтэй дэлхийн их соёлд .

Өвөрмөц нэгэн аязаар шигтгээ болон гялалзаж

Өөдлөн дэгжих эриний гар ухаан хоёроор

Өрлөг түүхийн сударт алтан мөрийг сийлэн

Хорвоог шинэтгэсэн хувьсгалын хоёр дахь орон болсон

Хорь дахь зууны хөгжилтэй эх орноо дуулах гэж

Морин хуур лимбийн эгшигтэй

Монгол газар төрсөн юм би.

1974

ГАЗАР ЭХ МИНЬ

Зуун зуунаар идээшсэн монгол хэмээх айлын

Зулай шүргэх дээвэр хөх тэнгэр нь цэлмэг

Нарны цацрагаар томсон оосор бүч нь бат,

Найрсаг сэтгэлээр гагнагдсан олны санаа лут

Галуун цуваа зэллэхэд цэнхэр нуур нь тунгалаг

Гаднын хүн айлчлахад цэцэгт тал нь өнгөлөг

Галав эринийг туулахад эрдэнэсийн сан нь арвин

Гариг эрхэст дүүлэхэд эвийн санаа нь ариун,

Өвгөдийн үеэс оршсон нутгийн минь хил тодхон

Өнө эртнээс дуурссан үндэсний минь нэр содхон!

Дөрвөн улирадц сэлгэсэн гэрийн буурин тамгатай,

Дөмөн дуулан давхисан эрийн хийморь жавхаатай,

Мал хүн хоёр нь ус нутгаа андахгүй

Манант цэнхэр талынхаа уур амьсгалд алзахгүй,

Догшин байгалийн аашийг хүн нь тааж мэддэг

Домог цуутай уулсаа хөлөг нь давж чаддаг

Аугаа сайхан нутгаа үеийн үеэс дээдэлсэн

Амгалан цэнхэр талаа үрийн үрдээ үлдээсэн

Өнө эртний соёлтой Монгол сайхан орон минь

Өгөөмөр баян жаргалтай морьтон ардын минь нутаг аа!

Эрдэнэсийн тансаг чулуугаар нь хүүхэд байхаасаа тоглосоор

Эзний холч хараагаар ширхэг тоолон таньсан

Эмийн цэцэгт ургамлыг балчир байхаасаа түүсээр

Ид шидийн гайхамшигийг нь шинжин олж мэдсэн

Алтай хангайнхаа уулсаар дүүлэн хэрэн давхидаг

Ан гөрөөсөө хүртэл зүс насаар нь үгүйлэх

Алтан өлгий нутагтаа зүрхнээс хайртай төрсөн

Ашдын заяат түмэн минь зүйрлэшгүй гярхай улс аа!

Хулан тоосрох талынх нь нүдэн булгийн хашлагад

Хурууны нь хээ үлдэж, өвгөдийн минь хөлс дуссан юм

Хун цэн чуулсан мэлмэн цэнхэр нууранд нь

Хурсан олон адууны туурайн мөр давтсан юм.

Үүл ширгэх уулсын элгэн улаан хаданд нь

Үүр шөнийн заагаар янгир гүйдэг халил бий

Үдийн халуун нарны ган хайлам элсэнд нь

Үлэг гүрвэлийн мөртэй газар эхийн түүх бий!

Буурал талын бэлчээр дэх шимт сайхан хөрсөнд нь

Буман малын мөр торгоны хээ шиг дурайсан

Буянт дээдсээс өвлөсөн төрөлх сайхан нутгийг минь

Булаалдах зүрхтэй хүн орчлонд байх учиргүй ээ!

1979

НҮЦГЭН БОР ТОЛГОД

Нүцгэн бор толгод минь

Нүдэнд торох хадгүй,

Дэргэдүүр нь урсах голгүй.

Дээр нь ганхах модгүй

Гэлээ ч тэр толгод

Гэгээн дуртгалд нэрээ мөнхөлж

Гэнэн насыг минь авч хоцорсон юм.

Гэрийн минь буйрыг хадгалж үлдсэн юм

Чулуу бүрийг нь эрдэнэ гэж мэдээгүй ч

Чухамдаа тэр эрдэнийн чулуугаар нь

Хүүхдийн гэнэн насандаа тоглож

Хүний орчлонгийн тансгийг ухаарсан

Нүүгээд холдохдоо эргэн харсаар

Нүцгэн бор толгодоосоо уяатай явсан

Миний тоглоомын өргөө-гал голомт

Мэдээ орсон цагаас харсан оргил,

Хөөрхөн бор толгодын дүр

Хүрч чадаагүй оргилтой адил

Өндрөөс өндөр гэж би боддог,

Өглөөний нар эртлэн тусдаг,

Үдшийн одод оройд нь гялбадаг,

Үүлэн элч зулайг нь илбэдэг

Талын бор толгод минь

Тандаа би хайртай

Татрын оройд гарсан ч

Эргэж би ирнэ.

Бэлээр чинь дуулсан дуу минь

Бидэрт саранд ниссэн

Бэлчээрт чинь бичсэн шүлэг минь

Билгийн сударт орсон.

Намхан ч гэсэн толгод минь чи

Надад өгсүүр замыг ухааруулсан

Өндөрт авирахад толгодоос эхэлдгийг

Өр зүрхэнд минь чи л хэлсэн!

1984

ЭРДЭНИЙН АЛТАН ӨРГӨӨ

Үүл нүүж

Уулсыг илбэсэн

Үүр гэгээрч

Урмыг тэтгэсэн

Нар нь алтарч

Цацарагаараа гийсэн

Навч нь дэлгэрч

Цэцгээрээ хээлсэн

Эцэг өвгөдийн минь дархан голомт

Эрдэнийн алтан өргөө-миний эх орон

Туулсан зуунуудын

Тоосонд дарагдалгүй

Туурга бүтэн

Тогтож үлдсэн

Туг сүлдээ

Мөнхөд дээдлэн

Туулах замын

Бэрхийг гаталсан

Дээдсийн асаасан дархан голомт

Дээвэр бүтэн миний эх орон

Уулс уулс нь

Мөрөө дэрлэн,

Ургаа мод нь

Мөчир тэлэн,

Хүн хүн нь

Сэтгэлээ түшин

Хүслийн далайд

Итгэлээ өргөн

Хүрэх оргилд

Ирмүүн тэмүүлсэн

Үе улиран идээшсэн дархан голомт

Өвгөдийн минь үлдээсэн миний эх орон

Цэнхэр гол нь

Бидэр татан

Цэцгэн тал нь

Бэлчээр тэлэн,

Цэцэн ард нь

Билэг ундраан

Цээлхэн дуу нь

Биесээ уяраасан

Дуу хуурын дуулиант нутаг

Дуундаа мөнхөрсөн миний эх орон

Алтай хангайн

Бэлчээр тэнүүн

Адуу малын -

Ундаа ариун,

Талын цэцэг нь

Эмийн увдистай

Таана хөмөл нь

Илч хүчтэй

Өвс ногооны шим нь ариун өлгий

Өргөн таддаа өнгө нь гоо дэлхий

Ганцхан модны

Мөчир хугарахад

Газраар нэг

Ундэс нь ёолдог,

Өнчин цэцэгний

Дэлбээ тасрахад

Өр эмтлэн

Дэлхий нь уйлдаг

Амь амнаасаа мөнхийн уяатай

Алтан өргөө-миний эх орон

Нууранд цэнгэх

Хос ангар нь

Нутгаа мартан

Орхиж байгаагүй

Ууланд урамдах

Уран буга нь

Усаа голон

Тамшаалж үзээгүй

Оршсон бүхэнд өлзий хайрласан

Онгон дэлхий-миний эх орон

Намрын хяруу

Дарайтал унахад

Нартай тэнгэрт нь

Шувууд зэллэдэг,

Өвлийн жавар

Чичиртэл жиндээхэд

Өндөр тагтад

Буга урамддаг

Хөглөгөр хөвч нь хөгжмийн айзамтай

Хөгшдийн минь дээдэлсэн миний эх орон.

Хүний нутаг руу

Алхам ч гишгэхгүй,

Өөрийн шороонд

Атаатныг гишгүүлэхгүй

Сүслэн биширч

Хайрлан дэгжээсэн

Сүлдэт баганаар

Хязгаар тогтоосон

Бүрэн эрхийн дархан хилтэй

Бүх ардын минь эрдэнийн өргөө.

Харийн дайсан

Цөмөрч ороод

Хатуу цохилтоор

Эргэж зугтсан,

Хайлст манханд

Хөл тавиад

Харъж чадалгүй

Ясаа орхисон

Үе улиран амиараа хамгаалсан тул

Үйлсийн сайхнаар ачлал хайрласан

Холын газар

Яваад ирэхэд

Хорол тооноор нь

Утаа боргилж,

Айл гэрийн

Халуун амьсгал

Алаг зүрхийг

Илчээр төөнөдөг

Холдон хэзээ ч салшгүй миний нутаг

Хорвоод хэзээ ч мартамгүй мэргэдийн өргөө.

Тусгаар тогтнолоо

Тунхаглан баталж,

Туг сүлдээ

Хийсгэн мандуулж

Алтан соёмбоо

Сансарт өргөж

Ард монгол

Нэрээ дуурсгаж

НҮБ-ын шилтгээнд байраа эзэлсэн орон

Нүргээнт зуунд нээрээ мөнхөлсөн түмэн!

Амгалан тал дахь

Ан гөрөөс нь тайван

Айлын хотон дахь

Адуу мал нь тайван,

Хөөрхөн үнэгчилсэн

Хүүхэд нь тайван,

Хөгжүүн баяртай

Хөгшид нь ч тайван

Энхийн далай цалгисан өлгий

Эвийн дуу цууриатсан дэлхий.

Ургацын далай

Талдаа долгалон,

Уянгын далай

Тасалгаанд цалгилан,

Урмын далай

Зүрхэнд булгилан,

Улсын далай

Зүтгэлээр халигсан

Газар хүн хоёрын минь амин зүрхний холбоо

Гал шаргал түрүү, нар, хурын талбай.

Мяндсан утасны

Торгон цацрал

Мянган өнгөөр

Тодрон гийж,

Үйлчин хүүхнүүдийн

Уран гараар

Үйлсийн сайхан

Ундран цалгисан

Гар, ухаанаараа улсаа гэж дэгжээсэн

Гайхамшигт хүмүүсийн эрдэнийн өргөө

Тогоотой сүүд нь

Тэнгэр гэрэлтсэн

Тостой өрмөнд нь

Тэнхээ хуралдсан

Цайлган сэтгэлд нь

Хайр шингэсэн

Цагаан сүүнд нь

Хүсэл нь ууссан

Түмнээ гэх сэтгэлийн тэнхэлтэй

Түүхээ бичих итгэлийн сүлдтэй-миний ард түмэн

Нар наадсан

Гэгээн хойморт нь

Намаа түшсэн

Гэрэлт оюунд нь

Жаргал бий

Мохож сөхрөөгүй

Сэтгэл бий

Улсаа гэсэн ухааны тэнхээтэй

Удамт ардын минь жаргалын өргөө-миний эх орон

Олимпийн дэвжээнд

Тоосоо өргөсөн

Олон сайхан

Эрийн хийморьтой

Дэлхийн талбар

Хатуу ч гэсэн

Дэвэх жигүүр

Үнэн хүчтэй

Ардаараа овоглосон хүний үрсэд

Араас нь түших түмэн амьтан!

Хөрсөн дор нь

Есөн эрдэнэтэй

Хөдөө хотгүй,

Ерөөлийн үггэй,

Таана амтагдсан

Айраг цагаатай,

Талаа дүүрсэн

Адуу малтай

Үе дамжсан арвин буянтай

Үйлс дэгжсэн алтан өргөө-миний эх орон

Өргөн Азийн

Тэнүүн элгэнд

Өнөр монголын

Тэнгэр нь цэлмэг,

Ангар мөрний

Ариун мандалд

Алтан Сэлэнгийн

Урсгал нь тунгалаг

Гар сэтгэл нийлсэн андаараа бахархаж

Ган бат найрамдлаа дуулсан-миний ард

түмэн

Есөн эрдэнээр

Урлан бичсэн

Ер бусын үнэт

Хөлгөн судар

Ухаант дээдсийн минь

Мэргэн сургаал

Улам мандах

Оюуны түлхүүр

Эртний их соёлын сан хөмрөгтэй

Эрдэнэсийн тансаг өлгий-миний эх орон

Уртын дууны

Уянгын шуранхайд

Уулын дээгүүр

Наран мандаж

Хоёрхон чавхдаст

Хуурын эгшигт

Хорвоогийн хаяа

Цэлийн тэлдэг

Хаана ч байхгүй уртын дуугаараа

Халуун зүрхний хайрыг цалгиадаг-миний эх орон

Эрдмийн моринд

Хүүгээ дөрөөлүүлж

Эрдэнийн дөрөөнд нь

Сүүгээ дусааж,

Сайн үйлсийн

Саруул замд

Цагаан сүүгээрээ

Билэгдэн үддэг

Дэлхийд ховор сайхан заншилтай

Дээдийн жаргалт миний ард түмэн.

Барьсан уурганы үзүүр харагдамгүй

Байгалийн бэрхшээлт

Шуурган дундуур

Малгай бүчлэлгүй

Адуугаа маначихаад

Манант үүрээр

Алжаалгүй ирдэг

Эрэлхэг баатарлаг хүмүүсийн өлгий

Эрдэнэ өвөрлөсөн түмний өлзий

Цэнхэр яргуй

Талдаа нүдлэн,

Цэнгэг мөрөн

Цөнгөө түрэхэд

Газрын хээлэнд

Үр цацаж

Гар завгүй

Үүртэй золгодог

Гавъяа алдрын баатар залуустай

Галын эзэн сайхан охидтой-миний эх орон

Ногооны униар

Цэнгэлт зунд дуниарч

Номин тал

Цэцгэн чимгээр хээлсэн

Саамын сүүнд нь

Тэнгэр тусаж

Саальтай энгэрээс

Тэнхэл нэмсэн

Үзэсгэлэнт сайхан тансаг нутгаа

Үйлс бүтээлээр чимсэн миний ард

Дөрвөн цагийн

Түргэн эргэлт нь

Дүүлэх хөлгийн

Тэмүүлэх хурдтай ,

Сайхан орны минь

Хөгжлийн алхаа

Сансрын зууны

Хүслийн жигүүртэй

Тэнгэрийн цээлд дүүлэн ниссэн

Тэнхээт хөлгийн эзэн ард-манай үеийнхэн

Дэлхийн түмний

Хөгжлийн уралдаанд

Дэвжээ бүхэнд нь

Бууриа засаж,

Хөвгүүд нь барилдаж,

Хөлөг нь уралдаж

Бүтээл нь шилэгдэж

Бүхэнд алдарших

Эзэн бидний эрдэнийн өргөө

Эргэх орчлонгийн хөгжлийн талбай,

Атом цөмийн

Аюулын эсрэг

Амгалан төрийн

Аялгуу түрж,

Энхийн төлөө

Монгол гэж

Эвийн гангаар

Мөнхөд сийлсэн

Ганцхан дэлхийтэй орчлонгийн түмэнд

Галаар бүү тогло гэж зүрхээрээ өгүүлсэн миний ард түмэн

Гэрлэсэн хосод

Жаргал хайрла.

Гэгээн маргаашид

Итгэл хайрла

Хөөрхөн үрсэд

Тоглоом хайрла

Хүний орчлонд

Жаргал хайрла гэж

Ардын минь хэлэх сэтгэлийн үг энэ ээ!

Аюулт дайныг хориглох сэвгүй хүсэл маань ч тэр ээ!

Эрдэнэс баялаг нь

Хөрсөн дороо,

Эзэн ард нь

Хөгжил дундаа,

Эмээллэх хүлэг нь

Уяан дээрээ

Эдлэх жаргал нь

Улс даяараа

Ач үрсдээ өвлөн үлдээх буянтай

Арвин эрдэнэсийн өргөө-миний эх орон.

Олон олон

Ухаант хөвгүүд

Орон гэрийнхээ

Тооно тулж,

Үе дамжсан

Үзэсгэлэнт бүсгүйчүүл

Өрхний нь оосрыг

Даллан татсан

Туургат цагаан гэрийн эзэн ардтай

Тусгаар тогтносон эрхэм заяатай-миний

Эх орон

Эх дэлхийн

Амин тасархай!

Эрдэнэс баялгийн 1

Арвин уурхай,

Эзэн бидний

Алтан өлгий,

Эгнэгт орших

Бат өлмий,

Эцэг өвгийн минь мөнхөд бадраасан голомт

Эрдэнийн алтан өргөө-миний эх орон!

1985

ГАЛТАЙ ЧУЛУУ

Алтан наран цацрагаараа өлгийдсөн

Бүлээн чулуу

Аугаа нутгийн минь

Амьтай чулуу

Өвгөдийн амьсгаа ширхэгт нь шингэсэн

Өрнө дорныхон өнгөнд нь "унасан"

Хөх монголын газар шороо

Хүнтэй хорвоогийн галтай чулуу

Алт эрдэнэс нь

Дэлхийд зартай

Атаатан халдвал

Амьны үнэтэй!

Мөнгөн саран туяагаараа ариулсан

Бүлээн чулуу

Мөнх нутгийн минь

Эвийн чулуу

Өвгөдийн амьсгаа ширхэгт нь шингэсэн

Өрнө дорныхон өнгөнд нь "унасан"

Хөх монголын газар шороо

Хүнтэй хорвоогийн-галтай чулуу

Алт эрдэнэс нь

Дэлхийд зартай

Атаатан халдвал

Амьны үнэтэй!

Цэнхэр салхин аргадан илбэсэн

Бүлээн чулуу

Цэцгийн үнэртэй

Эрднийн чулуу

Өвгөдийн амьсгаа ширхэгт нь шингэсэн

Өрнө дорныхон өнгөнд нь "унасан"

Хөх монголын газар шороо

Хүнтэй хорвоогийн-галтай чулуу

Алт эрдэнэс нь

Дэлхийд зартай

Атаатан халдвал

Амьны үнэтэй!