Sunday, August 14, 2011

ШАГДАРЫН ДУЛМАА


Ш.ДУЛМААД БАРИХ СЭТГЭЛИЙН ЦЭЦГЭН ХЭЛХЭЭ


Бид 1950-54 онд МУИС-ийн мîнгол хэл-уран зохиолын салбарт суралцаж төгссөн юм. Дулмаа маань тэр үед шүлэг бичдэг, өврийн дэвтэртээ нууцалдаг нэгэн байв. Оюутан нас гэдэг дэврүүн, золбоолог, хөгжилтэйг хэн үгүйсгэх билээ. Голдуу хайр дурлалын тухай тэрлэсэн түүний шүлгүүдийг бид олзлон аваад нуруу нь хүрэхгүй өндөрт, цонхны шилд наагаад чангаар уншиж, ичээж зовоодог байв. Мөн ч зүггүй байж дээ. Гэтэл өнөөдөр МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт манай яруу найргийн хатан хаан гэж нэрлэгдсэн Ш.Дулмаагийн шилмэл шүлэг, найраглалын ботид өмнөх үг бичих сайн учрал надад тохиолдлоо. Ш.Дулмаа "Өглөө", "Үүрийн цолмон" /1965/, "Мөнгөн чавхдас" /1977/, "Нарны алтан тоос" /1981/, "Хайрлахын заяатай орчлон" /1986/, "Галын тэнгэр" /1989/, "Цэнхэр гариг" /1990/, "Хайрын мянган бодол" /1991/, "Хайрын эгшиглэн" /1996/ зэрэг олон түүвэр хэвлүүлсэн ба түүвэр бүхний эхний хуудсанд "Цэцэн мэргэдийн өлгийгөө өр зүрхэндээ дээдэлнэм", Ганцхан заяах бөмбөрцөг, Газар шороо эх орон тандаа дуулъя", Ухаант дээдсийн төрөлх нутагтаа, уянга найргийн дугараа түрвээ", Эх орноо хайрлах сэтгэл минь, эгшиглэн болон дуурсаг аа!" хэмээн өчил болсон мөр шигтгэсэн нь түүний уран бүтээлийн үндсэн агуулгыг төвөггүй илтгэж байна. Төрөл зүйлийг харахад дөрвөн мөрт, найман мөрт, шүлэг, иргэний болон уянгын яруу найраг дууль, найраглал, уянгын болон захидал найраглал, түүхэн шигтгээ шүлэг гэх мэт олон талтай нь яруу найргийн бүтээл баялаг өгөөжтэйг нотлон харуулна.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан МЗЭ-ийн 6-р их хуралд тавьж хэлэлцүүлсэн "Орчин үе, яруу найраг" сэдэвт илтгэлдээ тайлангийн хугацаанд хэвлэгдсэн яруу найрагчдын түүврүүдийг сорлож цөөн ном нэрлэхдээ Ш.Дулмаагийн "Мөнгөн чавхдас" /1977/ номыг олзуурхан тэмдэглэсэн нь буй. Уран зохиолын онол-аливаа уран бүтээлчийг яруу найрагч гэж нэрлэхийн тулд биш, хүмүүст гоо сайхны мэдрэмжээр цэнгэл өгөхөд яруу найрагийн үүрэг чиглэгддэг гэж үздэг нь гоо сайхны мэдэрхүй нь заавал ямар нэг тааламжтай сэтгэмжээр хүний сэтгэлд хүрдэгтэй холбоотойг тодотгон тавьсан нь их учиртай ойлголт юм.

Тиймээс ч сэдэв санаа, агуулга хэлбэр, уран чадвар тэгш боловсорсон сайн шүлэг уншихад сэтгэлийн таашаал эдлэх төдийгүй өөрөө шүлэг бичмээр санагдах үе ч байдаг. Ингээд бодоход хамгийн энгийн хэллэгт хамгийн том санаа илэрч байдаг тэр үнэнийг Ш.Дулмаагийн уран бүтээл илтгэж байна. Тэрбээр "Хүлгийн төвөргөөн" шүлэгтээ хүүгээ хүлээсэн эх, амрагаа хүлээсэн бүсгүй хоёр адилхан хүлгийн төвөргөөн чагнаж байдаг гэсэн маш энгийн өгүүлэмжээс цаашид ургуулан "Хүлгийн төвөргөөн ер нь хүний сэтгэлийн уянга юм” гэсэн дүгнэлт санаа хэлсэн байна.

Төрсөн эх нутгийнхаа тухай "Газар эх минь", "Нутаг минь", "Хөдөө нутаг", "Нутгийн минь нуур", "Авдархангай уул", "Горхи", "Говь" зэрэг олон шүлэг, "Эрдэнийн алтан өргөө", "Эх орон танаа өргөх дуулал" найраглал бичжээ. "Нутгийн бор толгод" шүлэгтээ:

Бэлд чинь дуужан дуу минь

Бидэрт саранд шингэсэн

Бэлчээрт чинь бичсэн шүлэг минь

Билгийн сударт орсон

гэж бахархах юмтай, бардамнах өвтэй монгол түмнээ дээдэлсэн нь сэтгэлд хоногшихуйц болсон байна. Манай нэгэн нэрт судлаачийн хэлснээр "нээж олох гүйцээж боловсруулах нь" /Ц.Мөнх/ шүлэг зохиохын хос багана болсон эрхэм зүйл юм. Энэ хэмжүүрээс үзэхэд Ш.Дулмаагийн уран бүтээл бүрэн төгс жишээ болж байгаа нь сайшаалтай юм. Тэрбээр "Яруу найрагч" шүлэгтээ /1962/ оюун билгийн сороор хорвоо дэлхий баяждаг учир орчин үеэ дуулж, хүмүүсийн сэтгэлийг хөгжөөж мунхагийн сэтгэлийг гэгээртэл, нарт ертөнцийг ариустал дуу хоолойгоо уухайлан түрэхийг зорилгоо болгон дэвшүүлсэн, түүндээ ч үнэнч яваа нэгэн билээ. Тэрбээр хүн болсны авъяас чадлаа хүч хөлс дусалсан бүтээлч хөдөлмөрт зориулж тэмцэн байж, жаргалыг олдог жамтайг эрхэмлэн дагахыг мөрийн хөтөлбөр болгосон уран бүтээлч бөгөөд үүнийгээ тунхаглаж:

Тэмцэл үгүй жаргал гэж орчлонд байхгүй болохоор

Түүнээс гажууд явахыг би ч гэсэн хүсэхгүй

/"Амьдрал" шүлэг 1969/ гэж нэгтээ бичсэн нь буй.

Яруу найрагт бичлэгийн олон сонгомол арга барил, төрөл хэлбэр байдаг. Энэ нь хичнээн баян бол яруу найраг төдий чинээ өгөөжтэй байдаг бичигдээгүй хууль буй. Энэ хэмжүүрээс харахад Ш.Дулмаагийн шүлэгт ардын яруу найргаас уламжлалтай монгол шүлгийн тогтолцоо онцлогийн нэгэн чухал хэлбэр нь бадгийн эн зэрэгцүүлэлт байдгийг харж болно. Түүний "Амьдрал чи юутай сайхан", "Залуу нас", "Цэцэг", "Тал нутаг минь" шүлгүүд үүний жишээ болно. Амьдрал бол зөрчил тэмцэл, эерэг эсрэгийн нэгдэлд оршдогийг гүн ухааны бясалгалын аяс харьцуулга ба дээрхи дүгнэлтээр илэрхийлсэн "Учирахуй" /1994/, "Хагацахуй" /1994/ "Хуурамч хорвоо" /1993/, "Хатуу хорвоо"/1983/, "Тайтгарлын шивнээ" /1993/ "Хаврын мишээл" /1994/, "Зүрх хөндүүрлэнэ" /1987/, "Чамайг үгүйлнэ" /1991/ гэсэн шүлгүүдийг уншихад амьдрал гэгч хүслээр дүүрэн авч хяслаар дутдаггүй орон зай-гэсэн том ойлголт сэтгэлд буух нь уран бүтээлчээс их авъяас чадвар шаардах ажил гэдэг нь баталгаагүй үнэн билээ. Энэ талаар яруу найрагчийн "Газар шороондоо хайртай би" /1996/ шүлгийг жишээ болгон авч үзье. Энэ шүлэгт эх орон, эзэн болсон иргэн хоёрын салшгүй холбоо, салгашгүй харьцааг дүрслэхдээ -Хүүхэд ахуй цагтаа хүйтэн булгийн уснаас нь шүдээ таштал залгилж, талын тогоруу, нуурын ангир үргээж, таанын толгой, цэцгийн дэлбээ түүж явсан болохоор, өсөх насандаа толгодын энгэрээр хурга ишиг хариулж, тоодон дээлдээ чулуун тоглоом хормойлж, хөрст газрыг нь хотойтол хөл нүцгэн гүйж, хөнгөн залуу насаа талд үдсэн болохоор, идэр насандаа учрахын сайхан ерөөлөөр хос зүрх цохилж, уудам хээрийн бэлчээрт хайрыг анх. амталсан болохоор, тэгээд ч тэнхээт биеийнхээ хөлсийг дусал дуслаар шингээх гэж, тэнгэрлэг сайхан орныхоо эзэн болж төрсөн болохоор эх орон, газар шороондоо хайртай байдгийг эгэл жирийн үйл явдалтай, нүүдэлчин Монголын амьдралтай, хайрлах дурсах сэтгэлтэй, өөдрөг тэмүүлэл аястай дурсэлсэн нь монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд эх орноо хайрлах хамгаалахын уриа дуудлага болон шингэсэн байна. Өөр нэг тэмдэглэх зүйл бол аян замын шүлгүүд юм. Ш.Дулмаа Орос, Болгар, Чех, Гүрж, Словак, Румын, Унгар, Югослав, Герман, Казах гээд нилээд улс оронд Монголын яруу найргийг төлөөлж чуулга-уулзалтанд оролцохдоо аяны богцоо шинэ шүлэг зохиолоор баяжуулж ирдэг байсан нь "Болгар орон" /1981/, "Лениний уул" /1977/, "Алтан элс" /1979/, "Алдрын талбалд" /1981/, "Будапешт хотын шөнө" /1972/, "Мөнхийн гал" /1978/ "Охрид нуурын зэгс" /1981/ зэрэг шүлгүүдийг уншихад тод харагддаг бөгөөд

дэлхийн дэвжээнд дуугаа өргөсөн найрагч гэдэг нь тодорхой. 1980-аад оны сүүлч үеэс манай улс ардчиллын чөлөөт замд шилжсэн нь нийгэм, эдийн засаг, соёл боловсрол төдийгүй уран зохиолд ч таатай нөхцөл бүрдүүлснээр манай орчин үеийн яруу найрагт түүхийн шүлэг гэж хэлж болох шинэ хэлбэр мэдэгдэхүйц байртай боллоо. Эх орноо, хүн ардаа гэсэн сэтгэлтэй Ш.Дулмаа энэ чиглэлд уншигчидаа хөтөлж байгаа нь Өэлүн ээж, Чингис хаан, Мандухай сэцэн хатныг гол дүрээ болгсон цуврал шүлгийг үзэхэд маргах хүн ховор байх гэж бодном. Түүний бичсэн

... Хаан хүү төрүүлсэн, хатан заяа эх Өэлүнийх

Хамаг Монголыг нэгтгэсэн, хаан заяа их Чингисийнх

"Өэлүн эх" /1990/

... Төр түмний голомтыг, бүүвэйн дуутай

хамгаалсан юм. Их төрийн сүлдэндээ, нэрээ мөнхөлсөн эзэн юм.

"Мандухай сэцэн" /1998/

гэсэн мөрүүдийг уншихад өвөг дээдсийн минь түүх амилах шиг санагддаг нь нэг л учиртай. Ш.Дулмаа эзэн Чингис богд хаандаа зориулж олон шүлэг бичсэн нь ухаарлын нөлөөгөөр хүндлэх ёстой бүтээл болжээ. Ш.Дулмаа 1990 онд "Эзэн тэнгэр минь үү" шүлэгтээ:

Өргөн их нутаг чинь, өмнө хойноосоо хомсдсон ч

Өнөр Монгол түмний өр зүрхэн хэвээрээ

Өрлөг эзэн таны өлзий буяныг дээдэлсээр

Өчнөөн зууныг туулсан ч өөриймсөг сэтгэл янзаараа

гэж эзэн Чингисийн нутгаа өмгөөлөн хадгалсан хэдэн зууны дээдсээ хүндэлсэн бол үүнтэй санаа нэг "Чингисийн тамга" /1995/ шүлэгтээ тамгаар төлөөлүүлэн дүр гаргасан байна.

Эзэн Чингисийн тамгыг эрин зуун дамжуулан эрээд

Эртний монгол газраас өдгөө хүртэл олоогүй

гэж сануулаад төгсгөлд нь:

... Больцгоое! та минь эрэхийн хэрэггуй

Богд эзний тамга чинъ

Их Монголын нэрэнд буй

Эсгий гэрийн буйранд буй

Эх орны шороонд буй

Эзэн бидний зурхэнд буй

гэж байгуулсан гавъяатай хүн, зөвхөн билэг тэмдэг, хөшөө дурсгал биш, хүн ардынхаа оюун санаа сэтгэл зүрхэнд уламжлан мөнхөрдөг болохыг монгол ахуй, монгол сэтгэмжээр яруу сайхан гаргасан байна. Өөр нэг тэмдэглэх зүйл бол зохиолын зохиомж, байгууламжийн нэгдлийг зохистой сонгож чаддаг нарийн мэдрэмж юм. Энэ нь "Эх орондоо өргөх дуулал", "Халхын сайхан эрчүүд" /1969/ найраглалыг уншихад мэдэгдэнэ. Жишээ нь: "Халхын сайхан эрчүүд" найраглал дөрвөн хэсэгтэй, хэсэг бүрд өгсөн нэрийг бичихэд

Наадмын гурван дааваатай

Найрын гурван дуутай

Нандин хайрын сэтгэлтэй

Нарлаг нутгийн эзэд

гэсэн бадаг шүлэг болох нь эр хүнийг дээдлэн шүтэх, монгол эмэгтэйн дотоод сэтгэлийн нууцыг нээснээр "Эрэгтэй хүнийг хайрлаж яваарай" гэсэн өвгөд дээдсийн гэрээслийг санагдуулах нь уншигчиддаа нэг үг шивнээд ч байх шиг.

Шагдарын Дулмаагийн уянгын найрагт хүмүүсийн хайр сэтгэл, бүсгүй хүн, эх хүн ер нь эмэгтэй хүний тухай яруу найргийн уянгалаг аястай, уншигч өөрийгөө харах дүртэй шүлэг найраглал багагүй бий. Түүний "Миний жаргал", "Хос амьдрал", "Халуун мөр", "Хайрт минь чи эрхэл, эрхэл", "Эргэн эргэн нисэх юм" зэрэг хайр дурлалыг гэрэл гэгээтэй, баяр баясалтай дүрсэлсэн олон бүтээл буй. Тэрбээр "Хайрын тавилан" /1966/ шүлэгтээ:

Ган гинжийг таслах, чийрэг булчинтай төрсон Гайхам чадал төгс чин зоригтой эр ч Хайрын тавиланд хөтлөгдөж хорвоогийн

жамыг дагахдаа

Ханхар чээжээ бөхийн, уяран суухын учир бий. Мянгантаа ширтэвч ханашгуй, узэсгэлэн

гоогоо бишруулсэн

Мяндсан адил тансаг, онгот цогцос бурдсэн Хангайн согоо шиг тэргэл гоолиг торсөн охин ч гэлээ Хайрын тавиланд хөтлогдвн өвдөг сөхрөх ёсон буй

хэмээн хайр дурлал агуу хүчтэй болохыг тун эвлэгхэн донжий нь олж сэтгэлд хоногшин буух уран дүрийг бүтээсэн байна. Ялангуяа ухаарлын аястай нэвт гэрэлтсэн "Хүүгийн эцэгт бичсэн захидап" найраглал /1972/ амьдралын тусгал болсноороо, сэдэв өгүүлэмж, гуниг хайрын зүрхний бичлэг болсноороо уншигч олондоо хүрч мөнхөрсөн бүтээл болжээ. Яруу найрагч энэ бүтээлийн талаар олон арван захидал хүлээн авсан нь түүнд сэтгэлийн тэнхээ нэмсэн дээд шагнал болсон юм. Тийм ч учраас 1978 онд "Амьдрал хайр дээр тогтдог" алдарт шүлгээ бичсэн нь ард түмэндээ дуу болон түгсэн нь учиртай. Ш.Дулмаа "Эхчүүд", "Эхийн хайр" /1961/, "Гэргий танаа", "Хүүхэн заяа" /1990/, эх эмэгтэйчүүдэд зориулсан олон шүлэгтээ энэрэнгүй их ивээл, элэг дэвтээх хайр, аугаа хүнлэг чанар ач буяны нь өгөөжийг магтан дуулж уран сайхны торгон мэдрэмжээ шингээж өгсөн байдаг.

Эдгээрээс "Бүсгүй", "Би ертөнцийн хүүхнүүдийн нэг" хэмээх холбоо шүлэг өвөрмөцөөр боловсруулсан бүтээл болжээ /1967/ гэж үнэлсэн байна. Тэгвэл уран зохиолын шүүмжлэгч Б.Цэдэв: -Ш.Дулмаагийн шүлгүүдийг уншихад өргөн уудам талд задгай хатиртай мориор дэргүүлж яваа мэт сэтгэгдэл төрдөг. Тун ч чөлөөтэй өөрийн уран бүтээлийнхээ өвөрмөц онцлогийг хадгалж чадсан санаа, уран сайхан хоёрыг жигд эрхэмд үздэг яруу найрагч юм хэмээн "Яруу иайргийн тухай ажиглалт ба тэмдэглэл" өгүүлэлдээ /1973/ онцлон дурьдсан нь бас буйг тэмдэглэе.

"Нүцгэн бор толгод"-оос дэлхийн дэвжээ хүртэл түүний яруу найргийн зам өлзийтэй байх.болтугай.

Монгол улсын төрийн шагналт,

хэл бичгийн ухааны доктор,

профессор Д.Цэнд

1999-6-28

No comments:

Post a Comment