Sunday, August 14, 2011

ШҮЛГҮҮД

ЧИНГИСИЙН ТАМГА

Эзэн Чингисийн тамгыг

Зуун дамжуулан эрзэд

Эртний монгол газраас

Эдүгээ хүртэл олоогүй

Чин үнэнийг өгүүлэхүй

Чингйсийн тамгыг эрээд яана

Нутаг эзэн хоёртоо л

Нуугдаж үлдсэн юм чинь

Туурайт сүрэг шийрээрээ тамгаддаг

Туургат цагаан гэр бууриараа тамгалдаг

Тусгаар тогтнол хилээрээ тамгалдаг

Туг, сүлд нь улсаа зарладаг

Чингисийн тамга монголдоо л бий

Цэнхэр униарт нутагтаа бий.

Зулын бүдэгхэн гэрэл өөхөн дэнгийн анивчаанд

Зуун найман ботийг барлаж хэн чадлаа

Зууханд улалзах галын зүмбэр улаан дөлөнд

Зургийн гоо дар эхийг амилуулж хэн чадлаа

Чингисийн тамга монголдоо л байгаа

Чилээрхэж туурвисан мэргэдийн оюун ухаанд байгаа.

Догшин хар сүлдэн дор

Ертөнцийн талыг хурааж,

Домгийн найман шарга газарт буусан түүхтэй

Есөн хөлт цагаан туганд дэлхий бөхийн сөгдөж

Ер бусын тавилангаар дээвэр дороо цугларсан

Тамгатай төрийн эзэд

Та бид байгаа бус уу?

Хүй дарсан газар орчлонд мэндэлсний минь тамга,

Хүүхэд ахуйн минь хөх толбо онгон сахиусын тамга,

Хүн нь хүртэл тэнгэрийн тамгатай төрдөг улс гүрэн

Хөрст энэ дэлхий дээр өөр хаана байна.

Чингисийн тамга монголдоо л бий

Чиний, миний, таны цусанд бий.

Эзэн Чингисийн тамгыг зуун дамжуулан эрээд

Эртний монгол газраас эдүгээ хүртэл олоогүй

Хөрст газраа бусдаар тандуулан, шинжүүлэн

Хөх монголын нутгийг буулгах шахан хайлаа

Больцгоое! таминь!

Богд эзний тамга-Их Монголын нэрэнд бий

Эсгий гэрийнх нь бууринд бий

Эх орны шороонд бий

Эзэн бидний зүрхэнд бий!

1997

ЭР ХҮНИЙ УХААН

Ээдрээт амьдралын урт зам бартаатай ч

Эр хүний ухаан уужуу тавиу барьц алдахгүй ээ.

Хатуу цагт нуруу бөхийн сөгддөггүй,

Хайрын халуунд сэтгэл дэврэд төөрдөггүй,

Жаргалын наранд нүд алдан хөөрдөггүй,

Зовлонгийн мананд нүүрээ буруулан зугтдаггүй

Үүрээд гарах алив бүхнийг даах сэтгэлийн тэнхээтэй

Үхэх сэхэхийн амаргүй заяанд сэлээд гарах ухаан бодолтой

Туулах замын бартаанд хөл, сэтгэл бүдрэхгүй

Туждаа хэцүү бараан өдрүүдэд ч хэл, ухаан ээдрэхгүй

Жаргалын үнийг зүрхээрээ дээдлэн биширч чаддаг

Зовлонгийн хүндийг зүүд зэрэглээ шиг таягдан хаяж чаддаг

Үхэл, мөхлийн торгон ирэн дээр уужим сэтгэдэг

Үнэн мөний тогтомгүй заяан дээр уналгүй үлддэг.

Эр хүний ухаан гэдэг хөлгөн их судар

Ид шидийг агуулсан хөлгүй гүн далай

Тийм ухаанаас уяатай байхад алдахын учиргүй

Тэнгэрлэг заяа уужим сэтгэл алдрах ёсгүй.

1982



No comments:

Post a Comment