Sunday, August 14, 2011

ХАЙР ДУРЛАЛЫН ТУХАЙ ШҮЛГҮҮД

САНАХЫН ЖАРГАЛ

Чамайгаа би санахын ихээр саналаа

Чадал суусан гарт чинь тэврүүлэхсэн гэж

Ухааны чинь тэнгэрт од болон гийхсэн гэж,

Уяхан зүрхэнд чинь онгод болон буухсан гэж,

Чамайгаа санахын ихээр саналаа.

Нүднээс чинь хүний хайрыг ухаарах гэж

Гараас чинь галын илчийг мэдрэх гэж,

Ухаанаас чинь уяралын үг сонсох гэж

Уруулаас чинь уянгын бал шимэх гэж

Чамайгаа би санахын ихээр саналаа.

Хүүгийн эцэгт бичсэн захидал

Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан

Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан

Хүүгийн аав, эрхэм хүн таныг

Хүндэтгэн дурсаж энэхэн захидпыг бичиж байна.

Өнөөдөр хүү чинь арван найм хүрч

Өөртэй чинь адилхан, ханхар эр болжээ.

Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож

Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв.

Яг л энэ өдөр чамайг би дурсаж

Янаг сэтгэлийн хайраар цалгиж явснаа санаж

Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж

Захидал бичиж суунаа хүүгийн аав чамдаа!

Хоёр даалимбан дээлнээс өөр, сольж өмсөх хувцасгүй

Хоногтоо л ганцхан олддог "лавшаанаас" өөр хоолгүй

Хотын нэг дүүрэгт ядуухан оюутны амьдрал

Хомсхон байсан цагт, чи намайг орхиж

Гэрээр дүүрэн хивстэй баян айлын охиныг

Гэргий болгон аваад алс нүүж билээ

Гэм зэмгүй мөртлөө гуниг зовлон амсаж

Гэнэтхэн бид хоёр хаягдан үлдэж билээ

"Опель" дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч

Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи!

Одоо түүүнээс хойш сар жил өнгөрөн

Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ.

Энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ

Энхрий бяцхан хүүгийнхээ турьхан биеийг тэврээгүй ээ

Элэг нь эмтэрсэн үрийнхээ уйлан гунихыг үзээгүй ээ

Эцгээ гэж дуудах шингэн дуугий нь сонсоогүй ээ

Анх чамайг явахад гуравхан настай байсан ч

Ааваа гэж үгүйлсээр арван хэдэн жил болов.

Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч

Арван таван намартай аанай бас золгов.

Хүнийх болон одож, сэтгэл буруулсан чамд

Хүү чинь саналаа гэж хэлж би зүрхлээгүй ээ

Хүүхнүүд шиг бас мөнгө горилон заалдаж

"Хөөрхий" чамайг зовоож, нэхэл дагал болоогүй ээ

Сайхан амраг хувирдгийг зүрхээрээ тэгэхэд амсаж

Сартай шөнөдөө нойргүй уйлан суудаг байлаа

Салаа замын уртад цөхрөн хүлээж суугаад

Санаа бодол үймрэн дэн дун явдаг байлаа.

Үүрийн цолмон шиг гоо сайхан бүсгүйтэй ханилсан гэж

Үеийн хүүхнүүд ярихад, атаархан хорсож байгаагүй ээ

Үйлээ дагасан сэтгэлдээ зовлон гуниг тээж

Үрээ гэсэн хайраар хүүгээ л гэж явлаа.

Хэдэн хүүхнээс салсан гэж олны яриа сонсоод

Хэлтгий гишгэсэн чамайг өрөвдөн санадаг байлаа

Хээнцэр ганган юманд нүд хууртсаныг чинь бодоод

Хэвтэртээ хүртэл би гомдон уйлдаг байлаа.

Хүний сайхан аавууд үрээ хөтлөн явахад

Миний бяцхан хүү ганцаараа тойрон гүйж

Сайн хүн болно гэж ээждээ эрхлэн хэлээд

Сургуулийнхаа зүг, уруу царайтай алхдаг байлаа.

Бид хоёрын амьдралыг хэзээ ч чи мэдээгүй болохоор

Бие сэтгэлээ барьж өдий хүрсэн ч гэсэн

Орчлонд эр хүн болсон хүүгээрээ бахархаж

Одоо би чамд сүүлчийн зурвас бичиж байна


No comments:

Post a Comment